Төсөл, судалгааны ажлын төрөл


2835

Нийтэлсэн

17.01.05

Share

     Суурь судалгааны сэдэвт ажил нь Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлд нийцсэн байх шаардлагатай бөгөөд тухайн шинжлэх ухааны салбараар хийгдэж байгаа суурь судалгаа нь мэдлэгийн хүрсэн түвшинг ахиулсан байх, суурь судалгааны сэдэвт ажил нь тухайн салбар ба чиглэлийн хүрээнд урьд нь хийгдсэн болон хийгдэж байгаа ажилтай давхардахгүй байх, суурь судалгааны хүрээнд хуримтлагдсан үндэсний оюуны чадавхийг хадгалах, баяжуулах, өвлүүлэн уламжлуулах, судлаачдын залуу халааг төлөвшүүлэх зорилгод нийцсэн байх зэрэг зарчмыг баримтлана.


     Үзэгдэл юмсын зүй тогтлыг тодорхойлох, онолын үндэслэл, шинэ мэдлэг бий болгох, дэлхийн шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага, өөрийн орны хөгжлийн онцлог, хэрэгцээ, шаардлага, шинжлэх ухааны хүрсэн түвшинтэй уялдуулан шинжлэх ухааны шинэ салбар, чиглэлийг хөгжүүлэх, улс орны эдийн засгийн хөгжлийг хурдасгах, экспортын нөөцийг өсгөж бүтээгдэхүүний үйлдэрлэлийг нэмэгдүүлэх технологи бий болгох онолын үндэслэлийг боловсруулах, эх орны эрдэс түүхий эдийн байршил, нөөцийг судлах, ашиглах үндэслэлийг тодорхойлох, улс орны түүх, соёл, иргэншил, хэл, утга соёлыг гүнзгийрүүлэн судалж, шинэ мэдлэг бий болгох, шинэ материал гарган авах онолын үндэслэл, нано мэдээлэл, технологийн үндэслэлийг боловсруулах зэрэгт чиглэгдсэн судалгааны ажлуудыг суурь судалгааны ажил гэнэ.

    Шинжлэх ухаан, технологийн зэхэц ажил гэж эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон, цаашид инкубаторт бойжуулан худалдах буюу шууд жижиг, дунд үйлдвэрлэл бий болгох боломжтой шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар, технологи, туршилтын тоног төхөөрөмж зэргийг хэлнэ.

    Шинжлэх ухаан, технологийн зэхэц ажлыгэргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлдэг ба энэхүү хөрөнгө нь төсвийн ба төсвийн бус эх үүсвэрээс бүрдэнэ. Төсвийн эх үүсвэрийг Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүр төсөвт тусгуулна. Төсвийн бус эх үүсвэрийг Шинжлэх ухаан, технологийн сан өөрийн үйл ажиллагааны орлогоос бүрдүүлдэг.Зэхэц ажлын төслийг Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шинжээчдийн хэсэг томилж сонгон шалгаруулдаг бөгөөдзэхэц ажил нь дор дурдсан зүйлүүдийг багтаасан байна:

  • Зэхэц ажлын нэр
  • Зэхэц ажлыг хэрэгжүүлэх хугацаа ( эхлэх, дуусах он, сар)
  • Зэхэц ажлыг хэрэгжүүлэх байгууллагын нэр
  • Зэхэц ажлыг хэрэгжүүлэх шаардлага, ач холбогдол
  • Зэхэц ажлыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын тооцоо
  • Санхүүжилтээ эргэж төлөх болон зардлаа нөхөх тооцоо

    Зэхэц ажлын төсөлдшалгаруулалт хийхдээ:

  • Зэхэц ажлын шинжлэх ухааны оюуны багтаамж, гарах үр дүнгийн ач холбогдол, хэрэгжих боломж;
  • Техник-эдийн засгийн үндэслэл, үр ашгийн тооцоо;
  • Үйлдвэрлэх бүтээгдэхүүний чанар, зах зээлийн судалгаа;
  • Зэхэц ажлын талаар захиалагч болон хэрэглэгч байгууллагаас гаргасан санал, дүгнэлт;
  • Олгосон санхүүжилтийг эргэж төлөх хугацаа, нөхцөл, тооцоо, график;
  • Төсөл гүйцэтгэгч байгууллагын төлбөрийн чадвар, хөрөнгө, санхүүгийн байдлыг тодорхойлсон баримтууд

    зэргийг шалгуур болгоно.

    Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Тэргүүлэгчдийн хурлын 2002 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 11 дугаар тогтоолын дагуу эрдэм шинжилгээний байгууллага, ажилтанд судалгааны грант олгож эхэлсэн. Грантын зохих хувийг судалгааны ажилд зайлшгүй шаардлагатай тоног, төхөөрөмж, багаж хэрэгсэл, бодис болон бусад материал, ном зохиол худалдан авахад зарцуулж болох бөгөөд гадаад томилолтын болон суралцах зардалд зориулж болохгүй.

    Нийгмийн бодит хэрэглээ болгох боломжтой онолын суурь судалгааны ажлын завсрын болон эцсийн үр дүнд зайлшгүй шаардлагатай нэмэлт судалгаа тооцоо, үндэслэл, боловсруулалт хийлгэх зорилгоор эрдэм шинжилгээний байгууллага, ажилтанд грантыг нэг жилийн хугацаатай олгодог.

Шинжлэх Ухаан Технологийн Сан нь өөрийн орны эрдэм шинжилгээний байгууллагуудыг шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр гадаад орнуудын эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтдийн багтай хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд нь туслах, үр дүнг нь нэврүүлэх, сурталчлах тал дээр анхаарч ажилладаг бөгөөд төслийн тодорхой хувийг санхүүжүүлж байна. Одоогоор ШУТС нь ОХУ, БНХАУ, Тайваны шинжлэх ухааны зөвлөлтэй хамтарсан төслүүдэд санхүүжилт хийн, төслийн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

    БСШУ сайдын 2004 оны 99-р тушаал батлагдсанаар эрдэм шинжилгээний залгамж үе, авъяаслаг залуу эрдэмтдийг бэлтгэх, тэдний судалгааны ажлыг хөхүүлэн дэмжих замаар шинжлэх ухааны чадавхийг бэхжүүлэх үүднээс залуу эрдэмтдэд шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн сайдын нэрэмжит судалгааны грант олгож эхэлсэн. Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн сайд, Монголын шинжлэх ухааны залуу эрдэмтдийн холбоо Грантад эрдэм шинжилгээний залуу ажилтны нэрийг дэвшүүлдэг.

    Залуу судлаачдыг дэмжих грант гэж төрийн ба төрийн бус өмчийн эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиудад ажиллаж буй Монгол Улсын иргэн 35 хүртэлх насны иргэнд урьдчилан тавьсан нөхцөлийнхөө дагуу тодорхой шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажил явуулахад нь эргэн төлүүлэхгүйгээр олгож байгаа мөнгөн болон бусад хөрөнгийг хэлнэ. Грантыг шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр судалгаа явуулах, ном, сэтгүүл худалдан авах, гадаадын эрдэмтэдтэй хамтран ажиллах, өөрийн судалгааны чиглэлээр олон улсын хурал, семинарт оролцоход зориулан ашиглана.

    Суурь судалгаанд ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулах замаар шинэ технологи, инновацийг бий болгох зарчмаас зайлсхийн аль болох өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийн нөөц боломжид тулгуурлан нэгэнт бий болсон гадаадын дэвшилтэт технологийг нутагшуулан ашиглах, үүгээр дамжуулан инновацийн чадавхийг бий болгохын зэрэгцээ цаашид үр ашигтай байж болох чиглэлд нэгдмэл бодлоготойгоор зориуд анхаарч ажиллах нь цаг хугацаа, зардлын хувьд хэмнэлттэй тул ШУТС энэ оноос инновацийн судалгааны төслүүдийг санхүүжүүлж эхлээд байна.

    Инновацийн судалгааны төсөл гэдэг нь улс орны эдийн засаг, хөгжилд түлхэц өгөхүйц бүтээгдэхүүнийг шинээр бүтээх болон шинэчлэх, одоо ашиглагдаж буй технологийн горимыг сайжруулахад чиглэгдэн хийгдэх инновацийн үйл ажиллагааний төслийг хэлнэ.

ШУТ төсөл нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудын хөгжлийг түргэтгэх, ирээдүй бүхий шинэ салбарыг үүсгэн хөгжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, экспортын нөөцийг өсгөх болон импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зэрэг стратегийн асуудлыг судлан шийдвэрлэж хэрэгжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан болон цаг үеийн шаардлагатай чухал асуудлыг судлан шийдвэрлэх, төслийн үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, ашиглах, гадаадын технологийн ололтыг нэвтрүүлэх, нутагшуулах, ашиглах зэрэг үйл ажиллагаанд чиглэгдэнэ.

 
 

ШУТ төсөл гэж юу вэ?

Шинжлэх ухаан, технологийн төсөл гэдэг нь эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг шударга өрсөлдөөн, гэрээ захиалгын үндсэн дээр онол, арга зүйн өндөр түвшинд явуулж, захиалагчийн хэрэгцээ, шаардлагыг хангасан үр дүнг бий болгох, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, ашиглах үйл ажиллагааг төлөвлөсөн баримт бичиг юм.

ШУТ төсөл -г санхүүжүүлэх журам

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

2005 оны 6 дугаар сарын 27-ны өдөр                     Дугаар 143                Улаанбаатар хот


Журам батлах тухай

 

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6.1.4 заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:



1. “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай. 

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 14 дүгээр тогтоол, “Журамд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 1998 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 137 дугаар тогтоол, “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 1999 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 179 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

МОНГОЛ УЛСЫН  ШАДАР САЙД 


Ч.УЛААН



БОЛОВСРОЛ, СОЁЛ,  ШИНЖЛЭХ УХААНЫ  САЙД                                                

П.ЦАГААН

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.