ШУТСан Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоотой “Хамтран ажиллах гэрээ”-г  үзэглэлээ


1685

Нийтэлсэн

17.08.09

Share

Улсын хэмжээнд нийт 17 000 орчим хараагүй болон сул хараатай иргэд байдаг ба 11 000  иргэдийг эгнээндээ нэгтгэсэн тус холбоо гишүүдийнхээ нийгэм, ахуй амьдрал, сайн сайхны төлөө ажиллаж байна.
 
Холбоонд гишүүнчлэлтэй гишүүдийнхээ ажил, хөдөлмөрийг дэмжих, нийгмийн халамжийг сайжруулах, харааны бэрхшээлтэй цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхдүүдийн боловсролд анхаарсан  санал санаачлагатай ажлуудыг дангаар гүйцэтгэхэд тулгардаг олон саад бэрхшээл, хүндрэлийг ШУТС Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо хоорондын байгуулсан "Хамтран ажиллах гэрээ"-гээр шийдэх бүрэн боломжтой боллоо.
 
Өнөөдрөөс яг нэг сарын өмнө ШУТСангийн Д.Энхжаргал захирал өөрийн санаачлагаар МХҮХ-ны Д.Гэрэл ерөнхийлөгчийг хүлээн авч уулзаж, холбоонд нэн тэргүүн хэрэгжүүлэхэд тулгарч байгаа шийдвэрлэх асуудлын талаар санал солилцож байсан юм. Холбооныхоо “нүд” нь болж сэтгэлийг нь гэрэлтүүлэх сайн үйл хэрэг, хамтын ажиллагаа нэг сарын дараа буюу энэ өдөр ажил хэрэг болгож олон талаар хамтарч ажиллах боллоо.
 
Д.Гэрэл дарга талархал дэвшүүлсэн баярын сайхан үгийн зэрэгцээ “Ертөнцийг харахгүй ч сэтгэлдээ ямагт гэрэлтэй явдаг гэрлээрээ бүхнийг таньдаг, хардаг, уншдаг хүмүүст тэр бүр хамтран ажиллах байгууллага, хувь хүнийг олоход төвөгтэй байдаг” гэдгээ ч нуусангүй.
 
Манай хоёр байгууллагын хамтын ажиллагаа шинжлэх ухаан, инновацийг хөгжүүлэх, хараагүй иргэдийн боловсролын тогтолцоог бэхжүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажил эрхлэхэд харилцан мэдээлэл солилцох төдийгүй хараагүй оюутан, эрдэмтэн судлаач нарын эрх ашгийг хамгаалах, тэдний эрдэм судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээс эхлэх юм. 
 
Түүнчлэн манай сангаас энэ хавар “2000 мод тарих аян” өрнүүлж харъяа газрууддаа очиж мод тарьсан бөгөөд ирэх жилийн хавар  аянаа үргэлжлүүлж  Дунд голын “Хараагүйчүүдын хотхон”-д “2000+100” мод тарих буяны ажлыг эхлүүлнэ.
 
Тийм ээ, ШУТСангийн хамт олон нийгмийн хариуцлагаа дээшлүүлж, хариуцлагатай ажлын түншлэл тогтоосон энэ өдрөөс холбооныхоо “нүд” нь болж ажиллах  ба эхний ээлжинд гэрээнд заагдсан ажлуудаас гадна манай хамт олны санаачлагаар холбооны гишүүнд нэгдэх боллоо.

 


 

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.