ШУТСан гарааны компаниудтай уулзлаа.


398

Нийтэлсэн

18.04.24

Share

ШУТСангаас БСШУСЯ-нд бүртгэлтэй шинжлэх ухаан, технологийн үйлдвэрлэл эрхэлдэг 42 гарааны компанийн удирдлагуудыг 2018 оны 04 сарын 20-ны баасан гарагт урьж инновацийн үйлдвэрлэлийн жигд ажиллагаа, сүүлийн 3 жилийн борлуулалтын орлого, тулгамдаж буй саад бэрхшээл, инновацийн хөгжлийг хурдасгах шийдэл, гарц, боломжийн талаар ширээ тойрсон чөлөөт ярилцлага зохион байгууллаа.
Хууль санаачлагчид инновацийн хууль эрх зүйн орчинг сайжруулж дэмжлэг үзүүлэх зорилгоор УИХ-ын дэргэд улстөрийн лобби бүлгэм байгуулж улмаар өнөөдөр хэрэгжиж байгаа холбогдох бүх хуулийн зохицуулалтаар “харж үзэж” байгаа хэдий ч гарааны компанийнхны хувьд гааль, татвар, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, үйлдвэрлэлийн жигд ажиллагаа, дотоодын борлуулалт зэрэг асуудал бүрэн шийдэгдэхгүй ил, далд олон саад бэрхшээл тулгарч байгааг хүрэлцэн ирсэн төлөөлөгчид онцолсон юм.
Тиймээс дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын инновацид суурилж эдийн засгаа босгосон жишиг Монголд жинхэнэ утгаа олохгүй байгаагаас инновацийг хөгжүүлэх зорилготой байгуулагдсан гарааны компани тэр бүр хуулийн хугацаандаа бойжиж, хөл дээрээ босч чадахгүй байсаар хөнгөлөлт эдлэх 3 жилийн хугацаа дуусах шатандаа орсныг эрдэмтэд хэлж байв. 
Эдийн засгийн хөгжлийг хурдасгах, мэдлэгийг баялаг болгох гол түлхүүр инновацид суурилсан технологи гэдгийг батлан харуулсан нэг ойлголт дор хамтарч, нэгдэж улмаар төр, хувийн хэвшил аль алиных нь дэмжлэгээр Монгол технологи нутагших, таатай орчин нөхцөл бүрдэнэ гэдгийг захирлууд тодотгож байлаа.
Монгол эрдэмтдийн инновацийн өндөр бүтээмжийг нотлох олон жишээ дурдаж болох ч төрийн бодлого өөрөөр хэлбэл, төрийн худалдан авалтаар дэмжих үйл ажиллагаа хангалтгүй байна гэдгийг ХААИС-ийн дэргэдэх “Гарааны Монгол экологийн бордоо” ХХК-ийн захирал М.Батбаяр онцолж ялангуяа саяхан болж өнгөрсөн тендерт ХХААХҮЯ маш жижиг шалтгаанаар “унагасан” хэмээн баримт хүртэл дэлгэлээ. 
Бие биенийхээ үйл ажиллагааг дэмжиж, юу нь болж байгаа, алдаа, дутагдал хаана гарч байгааг ярилцах гээд урихаар ирдэггүй, зөвхөн энэ удаагийн ирц гэхэд л 42 гарааны компаниас ердөө 13 нь ирсэн байх жишээтэй, борлуулалтын орлогоо хэлж мэдэхгүй хүнийг өмнөөсөө явуулдаг, бодит орлогоо нуун дардаг, ихэнхи нь "Х" тайлан баланс гаргадгаа хүлээн зөвшөөрдөг дутагдлуудаа засахгүйгээр инновацийн өнөөдрийн үйлдвэрлэлийн бодит тоог зөв тооцоолох боломжгүй зэрэг сөрөг үр дагавар үүсгэж байгааг ШУТСангийн Д.Энхжаргал захирал өөрийн байр сууриа хатуу илэрхийлэв.
Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн дэргэдэх “Гарааны Цахирам” ХХК-ийн захирал Л.Батхүү эрдэмтдийнхээ бүтээлийг дэмжиж, бүтээгдэхүүнийг нь түгээн дэлгэрүүлэх, сурталчлан борлуулах тал дээр ШУТСан нэлээдгүй ажил санаачлан ажиллаж байгааг онцолж, талархал дэвшүүлсэн хэдий ч төрийн дэмжлэг гарааны компаниудад хэрэгтэй гэдэг байр сууриа илэрхийллээ. Өнгөрсөн хугацаанд тус компани 8 нэр төрлийн биологийн идэвхит бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ч өөрсдийн чармайлтаар Польш зэрэг орнуудад гаргаж байнгын борлуулалтын сувагтай болж чадсан байна. 
Гарааны компанийнхантай ярилцах 2 дахь сэдэв хөдөө, аж ахуй, газар тариалангийн бүс нутаг Дархан хотод зохион байгуулагдах “Монгол технологи: инновацийн 7 хоног-2018” үзэсгэлэнд инновацийн бүтээгдэхүүнээрээ оролцох удирдамж өглөө.

Энэ жил хөдөө, аж ахуйн чиглэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд хүргэх улмаар орон нутагт инновацийн соёл, дэд бүтэц, маркетинг, менежментийн эко орчинг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгч, гарааны компаниудын бүтээгдэхүүнийг газар дээр нь борлуулж мэдлэгт суурилсан эдийн засгийг бүтээх, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх, түүний үр шимийг хүртэх, түгээн дэлгэрүүлэх, үйлдвэрлэл практикт нэвтрүүлэх, биет бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр зохион байгуулагдах юм.

Энэхүү үйл ажиллагаанд орон нутгийн оролцоог нэмэгдүүлснээр хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, компаниудын инновацийн үйл ажиллагааны үр дүн, шинэ техник технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн худалдааны үр дүнд төр-эрдэм шинжилгээний байгууллага-хувийн хэвшлийн инновацийн түншлэлийн цар хүрээг нэмэгдүүлэх боломж олгох юм.

Уламжлал болгон зохион байгуулагддаг үзэсгэлэн форумын дараагаар “Бодлогын зөвлөмж” гаргах ба инноваци үйлдвэрлэгчдийн саналыг тусгах ба саналаа ирүүлэхийг “Монгол технологи: инновацийн 7 хоног-2018” үзэсгэлэнг хамтран зохион байгуулагч ШУТИС-ийн ЭШИТ-ийн дарга Т.Энхцацрал хүслээ. Ийнхүү зөвлөмжтэй болсноор дараагийн үзэсгэлэн болтол хийх ажил тодорхой болж үр дүнд хүрэх олон ажлыг гүйцэтгэх болно гэдгийг зохион байгуулагчид онцлов.
Шинжлэх ухаан тэр дундаа хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх нэгдсэн нэг бодлого, авч хэрэгжүүлэх арга зам, дэмжлэг дутагдаж байгааг гарааны компаниудын удирдлагууд дор бүрнээ онцолж байгааг бодлого тодорхойлогч, төсөв, мөнгө хуваарилагч нар сонсож, тендер сонгон шалгаруулагч нар хүлээн авч сонсох цаг үе ирсэн бололтой.
Яагаад дэлхийн өндөр хөгжилтэй орнууд инновацид суурилж хөгжлийг түргэсгэж байна вэ?
Бид хэрхэн өөрсдөдөө боломжуудыг гаргаж өгч чадах бол? Энэ асуултын хариуг бид олон өнцөгөөс тайлбарлаж чадах ч, гарах боломжуудыг огт сонирхож, хэрэгжүүлэх талаар авч үздэггүй нь үнэний талтай гэж "Гарааны Цахирам", "Гарааны Мэргэн хариг", "Гарааны Эрвита" ХХК-ийн захирлууд дор бүрнээ хатуухан шүүмж хэлж байв.

 

 

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.