ХАРААГҮЙ БОЛОН ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ БЯЦХАН СУРАГЧИД “БРАЙЛЬ-КИРИЛЛ” ХОСОЛСОН 5 ХИЧЭЭЛИЙН СУРАХ БИЧИГТЭЙ БОЛЛОО


651

Нийтэлсэн

18.09.03

Share

Хараагүй болон харааны бэрхшээлтэй бага боловсролын 3 дугаар ангийн брайль-кирилл хосолсон хичээлийн сурах бичгийг 2018-2019 оны хичээлийн жилийн нээлтийн өдөр тусгай 116 дугаар сургуулийн бяцхан сурагчдадаа хүлээлгэн өглөө. 

 

 

“Хараагүй болон харааны бэрхшээлтэй сурагчдын 1-5 дугаар ангийн сурах бичиг, үлгэрийн номыг брайль-кирилл хослуулан хэвлэх” төслийн I шатны үр дүнд 116 дугаар сургуулийн III ангийнхан математик, монгол хэл, иргэний боловсрол, дуу хөгжим, хүн орчны 5 хичээлийг брайлиар бие даан унших сурах бичигтэй болов.

 

 

Цаашид эрдэмд боловсрох сурагч, эцэг, эх, багш нар маань олон олон сурах бичиг хүлээн авах өдөр тохионо гэдэгт итгэлтэй байна.

Хурууны өндгөөр тэмтрэн унших, хурууны өндгөнд мэдрэгдэхүйц цэгүүдийн нийлэмж болох товгор үсгэн тексттэй, зурагтай, мөн эцэг эх, багш нар хүүхдийнхээ уншсан зүйлийг нягтлахад зориулагдсан кирилл-брайль сурах бичиг хэвлэх зайлшгүй шаардлагатай санхүүжилтийг Австралийн ЗГ болон Монголд суугаа Элчин сайдын яамнаас дэмжиж тухайн төслийг санхүүжүүлсэн ба төслийг санаачлагч, байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажилласан ШУТСангийн Д.Энхжаргал захиралдаа талархал дэвшүүлье.

Австрали улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхэт элчин сайд хэлсэн үгэндээ: 

116 дугаар сургуулийн сурагч багачууд хүрэлцэн ирсэн эцэг эхчүүд, зочид төлөөлөгчдөд баяр хүргээд "Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Энхжаргал, Хараагүйчүүдийн холбооны тэргүүн Д.Гэрэл нарт энэхүү төслийг санаачилан хэрэгжүүлж байгаа явдалд туйлын их баярлаж талархаж байна" гэлээ.  

 

 

 

Мөн будаг нь хатаагүй шинэхэн сурах бичгийг үйлдвэрлэсэн Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл болон танай хамт олонд төслийг амжилттай хэрэгжүүлж эхний үр дүнг  хүлээлгэн өгсөнд талархаж байна.

Хараагүй болон харааны бэрхшээлтэй бага ангийн сурагчдын суурь боловсрол  эзэмшихэд зориулагдсан “брайль-кирилл” сурах бичгийг өндөр түвшинд хэвлэх, тоног  төхөөрөмжийн шинэчлэлийн үндсэн дээр брайль номын олон улсын стандартыг Монголд нутагшуулж улмаар Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудад оюуны маш том хөрөнгө оруулалт юм.

Бидний ирээдүй болсон тусгай 116 дугаар сургуулийн сурагчид бүрэн бус болон бүрэн дунд боловсрол эзэмшиж байгаа хэдий ч хараагүй хүүхдүүдэд зориулсан брайль-кирилл сурах бичгийн хүртээмж маш хангалтгүй олон жилийг үдэж байсан бол өнөөдөр сурах бичгийн тоо ийнхүү “зузаарлаа”.

 

 

 

Өнгөрсөн хичээлийн жилүүдэд 116-р сургуулийн 1-12-р ангийн хэмжээнд 1 дүгээр ангийн цагаан толгой, 9 дүгээр ангийн мэдээллийн технологи, англи хэл, нийгмийн ухааны дөрөвхөн хичээлийн брайлль сурах бичигтэй байсан юм.

Энэ байдлыг арилгаж сурах бичгийг хүүхэд бүрт хүрэлцээтэй болгох зорилгоор төслийн 2 жилийн хугацаанд 220 сурах бичиг хэвлэхээс 75 нь ийнхүү сурагчдын гар дээр очиж байгаад манай ШУТСангийн хамт олон баяртай байна.

Монголын ирээдүй болсон сурагчдын боловсролд хөрөнгө оруулалт хийж гар бие оролцсон Та бүхний оюуны мэлмий гийх болтугай.

Тусгай 116 дугаар сургуулийн сурагч, тэдний гэр бүл, ах дүү, эрхэм багш Та бүхэндээ эрдмийн баярын мэнд хүргье.

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.