“ОЮУНЫ ӨМЧИЙН СОЁЛЫГ НУТАГШУУЛЪЯ" НЭЭЛТТЭЙ ИЛТГЭЛ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГ МЭДЛЭГИЙГ ОЛОН СУВГААС ӨГЛӨӨ


523

Нийтэлсэн

19.04.25

Share

Жил бүрийн 4-р сарын 26-нд Дэлхийн Оюуны өмчийн эрхийн өдөр тохиодог. Тиймээс оюуны бүтээл үйлдвэрлэгч салбар, салбар дундын шинийг санаачлагч, судлаач, эрдэмтэн, инженер, контент үйлдвэрлэгч, чөлөөт уран бүтээл тууривдаг хүн бүрт хамааралтай өдөр байдаг.


ШУТСан дэлхийн энэ өдөр оюуны өмч үйлдвэрлэгч эрдэмтэн, судлаачдын оюуныг үнэлж, биет бус хөрөнгөөр бүртгэх, хөрөнгө оруулалтын механизм бүхий орчинг бүрдүүлэх, эдийн засгийн эргэлтэнд оруулах, хөрөнгө босгох, технологи дэмжуулах дэд бүтэц, соёлыг дэмжих ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Оюуны өмчийн соёлыг нутагшуулъя" нээлттэй илтгэл-хэлэлцүүлгийг өнөөдөр /2019.04.23/ зохион байгууллаа. 
Дэлхий нийтээр мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхийг эрхэмлэж байгаа өнөө цагт олон улс оронд аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал гараанаасаа хэдийн хөдөлсөн гэдгийг бид бүхэн мэдэж байгаа. Ийнхүү дэлхийн улс орнуудын мэдлэгийг үнэлэх, инновацийг бүтээх стратегийн бодлогын нэгэн адил Монгол ч мөн энэ чиглэл рүү анхаарал хандуулж араас нь явж байна. 

 


БСШУСЯ-тай хамтран зохион байгуулсан “Оюуны өмчийн соёлыг нутагшуулъя" арга хэмжээний эхэнд БСШУСЯ-ны ШУТБГ-ын С.Мөнхбат дарга Монгол дахь оюуны өмчийн эрхийн хамгаалалтын өнөөдрийн түвшинг товч тодорхойлов.

Монголд хамгийн анхны патентыг 1963 оны 1-р сарын 13-нд олгож, 1992 оны Үндсэн хуулиар оюуны өмчийг “Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийн өмч, Монгол Улсын үндэсний баялаг” гэж тодорхойлж өгсөн байдаг ч өнөөдрийн хувьд монголчууд оюуны өмчөө баялаг болгож чадаагүй байна. Энэ нь Оюуны өмчийн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилт тааруу, олон нийтийн мэдлэг сул, үндэсний инновацийн тогтолцоо боловсронгуй биш, мэдлэгт суурилсан эдийн засгийн үндэс суурь бүрэн тавигдаагүйтэй холбоотой гэдгийг БСШУСЯ-ны ШУТБГ-ын С.Мөнхбат дарга үгүйсгээгүй юм.

 


Тиймээс БСШУСЯ-ны зүгээс Инновацийн тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, ЗГ-ын 295 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ын “...судалгаа боловсруулалтын ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийн харилцааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох”, 2018 оны 233 дугаар тогтоолын “... судалгаа, боловсруулалтын ажлын үр дүнд бий болсон шинэ мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэх”, “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр /2019-2023/-ийн “... их сургуулийн засаглал, удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг судалгаанд суурилсан их сургуулийн шаардлага болон шалгуурт нийцүүлэн боловсронгуй болгох” зорилтын талаар ШУТБГ-ын С.Мөнхбат дарга товч дурдаад энэ бүхний хэрэгжилтийг хангахад төрийн өмчит байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их сургууль, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолсон юм.

 

 

 


Шинжлэх ухаан, технологийн салбар дахь оюуны өмчийн эрхийн хамгаалалт, ашиглалтын талаархи тулгамдсан асуудлыг төр-хувийн хэвшлийнхэн хамтран хөндөж, хамтдаа хэлэлцэж оюуны өмчөөр дагнан судалж, соёлыг нутагшуулах зорилго бүхий хэлэлцүүлэгт уригдсан зочин таван илтгэгчдийн илтгэл маш их мэдээллийг агуулснаар оюуны өмчийн ойлголт, анхаарвал зохих мэдлэгийг инноваци бүтээгч үйлдвэрлэгч нарт харилцан түгээж чадлаа. 


“Оюуны өмчийн соёлыг нутагшуулъя" нээлттэй илтгэл-хэлэлцүүлэгт ШУТСангийн захирал С.Намсрайжав, БСШУСЯ-ны төлөөлөл Оюуны өмчийн харилцаа, салбарын түншлэлийн бодлого, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ нар салбарын хэмжээнд баримталж буй оюуны өмчийн талаар байр сууриа илэрхийлсэн ба эрдэм шинжилгээний байгууллагын патент эзэмшигч, гарааны компанийн захирал, эрдэмтэн, судлаачдын 70 гаруй төлөөлөл оролцож сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

 


Илтгэлүүдтэй холбоотойгоор баталгаажилт хийгдсэн оюуны өмчийн үнэлгээ (үнэлгээний зорилго), оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад зах зээл болон эрэлт нийлүүлэлтийн судалгаа, төр-эрдэм шинжилгээний байгууллага-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг урагшлуулахад юуг анхаарах зэрэг асуулт тавигдаж, цаашид хэрэгжүүлэх гарцаа тодорхой болгохоор саналын хуудсаар оролцогчдоос саналыг нэгтгэн авлаа.

ПАТЕНТ ЭЗЭМШИГЧ ЭРДЭМТЭН СУДЛААЧ, ЗОХИОГЧ НАР АНХААРАЛД 
"Оюуны өмчийн соёлыг нутагшуулъя":
-ШУТСангийн “Монгол эрдэмтэн” мэдээллийн санд 300 орчим патент байна. 8 патент өнөөдөр хүчинтэй бусад нь хуулийн хүчинтэй хугацаа дууссан. Ямар эрх зүйн зохицуулалт хийдэг вэ. Эрдэмтэд өөрсдөө ч анзааралгүй явж байна. Хэрэв ийм бол патент хоосон цаас болох уу, эсвэл тухайн эрдэмтний өмч болж зах зээлийн зарчмаар үнэлэгдэх баримт бичиг хэвээр байж чадах уу?
Оюуны өмчийн газар:
-Патент 2 тохиолдолд хүчингүй болно. 
Нэгдүгээрт, патентын 20 жилийн хугацаа өнгөрсөн бол патент өмчлөх онцгой эрх байхгүй болно. 
Хоёрдугаарт, энэ 20 жилийн хугацаанд патентыг хүчинтэй байлгах хураамжийг цаг тухай бүр төлөөгүй бол хүчингүй болно.
Энд эхний 3 жилийн хураамжийг патент авахдаа төлнө.

Улсын тэмдэгтийн хураамж 
4-6 жилд 20 000 төг, 
7-10 жилд 30 000 төг, 
11-15 жилд 40 000 төг, 
16-20 жилд 50 000 төг 
(Оюуны өмчийн газрын регистрийн дугаар 6324983). 
Мөн тус бүр ажил үйлчилгээний хураамж болох 5000 төг
Оюуны өмчийн газрын 1175116159 дансанд төлнө.

Хураамжийг хугацаа эхлэхээс 6 сарын өмнө эсхүл энэ хугацаа өнгөрснөөс хойш 6 сарын дотор төлөх боломжтой. 
Хугацаа хэтэрсэн тохиолдолд тухайн хугацааны хураамжтай тэнцэх хэмжээний төлбөр нэмж төлөхөөр хуульд заасан байна.

Хэрвээ та энэ 20 жилийн хугацаанд патент авсан техникийн шийдлээ сайжруулж, хөгжүүлж ажилласан бол өмнөх өөрийн бүтээлтэй болон бусад ижил төстэй бүтээлтэй харьцуулах замаар шинэ бүтээлд патент, ашигтай загварт гэрчилгээ авах шалгуурыг хангасан эсэхийг нягталж Оюуны өмчийн газар дахин мэдүүлэг бүрдүүлж өгөх боломжтой.

Илтгэлүүд:

1. Оюуны өмчийн эрх зүйн хамгаалалт

2. Оюуны өмчийн салбарын гэрээ, эрх зүйн зохицуулалт

3. Оюуны өмчийн эрхийн үнэлгээ, ач холбогдол

4. Оюуны өмчийн эдийн засгийн эрэлт хэрэгцээ, зохиогчдын өмнө тулгамдаж буй асуудал

5. Фитоакне батга эмчлэх бэлдмэл үйлдвэрлэх, Гарааны МБП Лаб компани байгуулах төсөл

 

 

 

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.