ШУТСангийн захирал С.Намсрайжав САТРЕПС судалгааны хөтөлбөрийг  хэрэгжүүлсэн эрдэмтдийн багийг хүлээн авч уулзлаа.


690

Нийтэлсэн

19.05.03

Share

ШУТСангийн захирал, доктор С.Намсрайжав өнөөдөр /2019.05.03/ САТРЕПС судалгааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлсэн Япон, Монголын талын эрдэмтэн, судлаачдыг хүлээн авч уулзлаа. Япон талаас Обихирогийн ХААМЭИС /Хөдөө аж ахуй мал эмнэлгийн их сургууль/-ийн дэд захирал, профессор, ДМАЭМБ /Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага/-ын эксперт Нобоу Инүэ,  Обихирогийн ХААМЭИС-ийн Эгэл биетэн судлалын үндэсний төвийн профессор, ДМАЭМБ-ын эксперт Наоаки Ёкояама,  САТРЕПС төслийн ажилтан Меоко Хаяакава, төслийн орчуулагч, нарийн бичгийн дарга Л.Бат-Уянга нар, Монгол талаас ХААИС-ийн дэргэдэх Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Батцэцэг, ХААИС-ийн Магистр, докторын сургуулийн захирал, доктор, профессор Б.Баттөр нар хүрэлцэн ирсэн юм.

 

САТРЕПС гэдэг нь Япон улсын судалгаа, хөгжлийн газрын харьяа Японы шинжлэх ухаан технологийн агентлаг (JST) болон Японы эрүүл мэндийн судалгаа хөгжлийн агентлаг (AMED), Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) -уудын хамтарсан санхүүжилтээр 3-5 жилийн хугацаатай хөгжиж буй орны судлаачидтай хамтран хэрэгжүүлдэг судалгааны хөтөлбөр юм. 

 

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол талаас ХААИС-ийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэн, Япон талаас Обихирогийн ХААМЭИС-ийн харьяа Эгэл биетэн судлалын үндэсний төв хамтран “Монгол оронд тохиолддог малын цусны шимэгч, эгэл биетнээр үүсдэг өвчний тархалтын судалгаа, оношилгооны оновчтой арга боловсруулах нь” ЖАЙКА/АМЕД САТРЕПС төслийг 2014-2019 онуудад хэрэгжүүлж ажилласан байна.


Уулзалтын үеэр ШУТСангийн захирал С.Намсрайжав САТРЕПС судалгааны хөтөлбөрийг Монгол улсад анх удаа хэрэгжүүлсэн эрдэмтэн судлаачдад талархал дэвшүүлж, судалгааны хэрэгжилтийн талаар болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар харилцан санал солилцсон юм.

Япон талын судлаачдыг төлөөлж Нобоу Инүэ хэлэхдээ төслийн явцад эгэл биетнээр үүсдэг өвчний тархалтыг судлан, тархалтын зураглалыг гаргаснаар халдварын өнөөгийн байдлыг тодорхойлж, нэгдсэн арга хэмжээ авах зөвлөмжийг боловсруулсан. 
Мөн судалгааны үр дүнд импортын бүтээгдэхүүнийг орлох боломжтой оношлуурын цомгийг гаргаж авсан, цаашид экспортлох боломжийн талаар, энэхүү оношлуур дээр суурилаад дараа, дараагийн малын өвчнийг оношлох шинэ оношлуурын төрлүүд гаргах боломжтой болсон талаар ярилаа.

Монгол талын судлаачдыг төлөөлж Б.Батцэцэг хэлэхдээ САТРЕПС судалгааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад Япон талын эрдэмтэн судлаачид зөв менежмент, зөв удирдлагаар хангаж ажилласан. Үүний үр дүнд: Судалгааны түвшний хувь их ахиц гарсан, боловсон хүчний чадавх дээшилсэн, том төслүүд хэрэгжүүлэх модуль /загвар/-тай болсон, судалгааны үр дүн бодитой гарсан талаар онцлон хэлсэн юм. 


Захирал С.Намсрайжав САТРЕПС судалгааны хөтөлбөр өндөр ач холбогдолтой болсон талаар дүгнэж хэлээд Монгол талаас судалгааны хөтөлбөрт ажилласан эрдэмтэн Б.Батцэцэг, Б.Баттөр нараас олон улсын төсөл, хөтөлбөр хэрхэн эхлүүлсэн болон хэрэгжүүлсэн туршлагаа эрдэмтэн, судлаачдад хуваалцсан сургалт зохион байгуулах талаар чиглэл өглөө.

Уулзалтын төгсгөлд Монгол эрдэмтдийн "Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим"-тай танилцаж, дурсгалын зураг татуулав.

 

САТРЕПС төслийн үр дүнгийн танилцуулгыг PPT хэлбэрээр эндээс үзнэ үү.

 


ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.