Монгол Улсын Их хурлын гишүүн, БСШУС-ын Сайд Ё.Баатарбилэгийн БНХАУ дахь албан ёсны айлчлал амжилттай болж өндөрлөлөө


1345

Нийтэлсэн

19.12.05

Share

БСШУС-ын Сайд Ё.Баатарбилэгийн БНХАУ-д хийсэн 2019 оны айлчлал Монгол-Хятад хоёр орны дипломат харилцаа тогтоосны түүхэн 70 жилийн ой давхацсан гэдгээрээ онцлог байж шинжлэх ухаан, технологи, боловсрол, соёл урлагийн хамтын ажиллагааны хүрээний товлосон уулзалтууд амжилттай болж өндөрлөлөө.

БСШУС-ын Сайд Ё.Баатарбилэгийн айлчлалын эхний уулзалт БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн сайд Ван Жыган хүлээн авснаар эхэлсэн юм.

 

Айлчлалын дараах өдөр нь БНХАУ-ын Боловсролын сайд Чэнь Баошэнь, БНХАУ-ын Соёл, аялал, жуулчлалын сайд Луо Шуганг нар БСШУС-ын Сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүнийг тус тус хүлээн авч уулзаж, ажил хэрэгч хэлэлцээр хийв.

Тус албан айлчлалын хөтөлбөрт Монгол Улс БНХАУ-ын найрамдалд харилцаа тогтоосны 70 жилийн ойн шинжлэх ухаан, соёл, урлагийн арга хэмжээг өргөн бүрэлдэхүүнтэй хоёр тал зохион байгуулснаараа энэ удаагийн айлчлал илүү ач холбогдолтой, өндөр хэмжээнд болсон юм.

Тухайлбал, БСШУС-ын Сайд Ё.Баатарбилэг уулзалтын хүрээнд Монголын соёлын өдрүүдийг Бээжин хотноо зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласанд БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Луо Шугангт талархал илэрхийлэв.

Сайд нар Монгол Улс, БНХАУ-ын соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцон дараах асуудлаар хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:

-Бээжин хотын Олон улсын циркийн сургуульд 15-20 оюутныг акробатчин мэргэжлээр суралцуулах;
-Соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах болон соёлын өвийн хууль бус наймаатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах;
-Хоёр орны соёл, урлагийн салбарын талаарх асуудлаар зөвлөлдөн шийдвэрлэх зорилготой “Соёлын форум”-ыг 2020 оноос харилцан зохион байгуулах зэрэг санал тус тус дэмжигдлээ.

Хоёр орны салбар салбарын сайдуудын албаны уулзалтаас гадна соёл, урлагийн тусгай хөтөлбөрийн дагуу China Film Archive кино театрт Монголын кино өдрүүдийн нээлт, Хятадын Соёлын солилцооны төвд Уран зургийн үзэсгэлэн, Хятадын Үндэсний их театрт “Алтан өргөө” урлагийн тоглолтыг Монголын талаас зохион байгууллаа.

 

Мөн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Шинжлэх ухаан технологийн сан Монгол Улс, БНХАУ-ын Боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухаан, спортын салбарын хамтын ажиллагааны хүндэтгэлийн хүлээн авалтыг Бээжин дэх Монгол Улсын ЭСЯ-нд амжилттай зохион байгуулав.

Тус арга хэмжээний үеэр Бээжинд суугаа Монголын ЭСЯ хоёр орны 70 жилийн дипломат харилцааны түүхэн үйл явдлыг харуулсан “Гэрэл зураг түүх өгүүлнэ” гэрэл зургийн үзэсгэлэнг тус айлчлалын хүрээнд гаргаж танилцууллаа.

Хүндэтгэлийн хүлээн авалтад холбогдох яамдын албаны төлөөлөгчдөөс гадна Монгол Улсын Засгийн газрын тусгай сан буюу Шинжлэх ухаан технологийн сангийн урилгаар БНХАУ-ын Үндэсний Байгалийн ухааны шинжлэх ухааны сангийн гадаад харилцааны газрын дарга Яанг Жунлин, мэргэжилтэн Нианхэ Ронг, ӨМӨЗО-ы Шинжлэх ухааны танхимын дарга Сун Жункинг, Гадаад харилцаа хариуцсан орлогч дарга Ву Суйхай, Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Хэ Ксиюпинг, Хятад-Монголын технологи дамжуулах төвийн захирал Цогт, ӨМӨЗО-ны “Галт Бамбар” Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх төвийн захирал Жан Баолин, Nature/Springer хэвлэлийн компанийн Монгол-Хятадын худалдаа хариуцсан захирал Жонсон ЛВ нар хүрэлцэн ирсэн юм.

 

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.