Хүнсний ногооны ирээдүйтэй болон нутагшсан сортуудын үр үржүүлэг инновацийн төслийн үр дүнг хүлээн авлаа


568

Нийтэлсэн

20.05.11

Share

Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоол “Шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу Итгэмжлэн хадгалагч-Шинжлэх ухаан технологийн сан “Хүнсний ногооны ирээдүйтэй болон нутагшсан сортуудын үр үржүүлэг” инновацийн төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг хүлээн авсан.

 

МУ-ын Инновацийн тухай хуулийн 3.1.6. “инновацийн төсөл” гэж санхүүжилтийн шаардлага, зохион байгуулалтын нөхцөлд нийцүүлэн инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх цогц үйл ажиллагааг тодорхой цаг хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг ойлгоно;

 

Төслийн удирдагч Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Хүнсний ногоо судлалын секторын эрхлэгч, доктор Ц.Нарандэлгэр инновацийн төслийн үр дүнгээ бидэнд илгээж монгол эрдэмтдийн "Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим"-д байршууллаа. 

 

Төслийн товч танилцуулга

 

Манай орны байгаль, хөрс цаг уурын нөхцөлд дасан зохицсон ирээдүйтэй болон  нутагшсан хүнсний ногооны шинэ сортын үрийг анхдагч үрийн аж ахуйн хэмжээнд бий болгон, улмаар I, II-р репродукцийн үе шатанд үржүүлэн үйлдвэрлэлд нийлүүлж, хүнсний ногооны дотоодын үрийн хангамжийг нэмэгдүүлэх зорилготой “Хүнсний ногооны ирээдүйтэй болон нутагшсан сортуудын үр үржүүлэг” инновацийн төслийг хэрэгжүүлсэн.

 

Захиалагчийн нэр: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 
Төслийн нэр: Хүнсний ногооны ирээдүйтэй болон нутагшсан сортуудын үр үржүүлэг 
Төслийн хугацаа: 2016-2018 он
Төслийн удирдагчийн нэр: Ц.Нарандэлгэр, Ph.D
Гүйцэтгэгч байгууллага: Ургамал газар тариалангийн хүрээлэн  
Төслийн гүйцэтгэгчид: Л.Алтай, С.Энхцэцэг, Ц.Доржсүрэн, Ж.Байгалмаа, Б.Одончимэг болон түр ажилчид. 

 

 

Төслийн үр дүн:

  1. Алтайн уулархаг нутаг, их нууруудын хотгорт болон  тариалангийн төв бүсэд хүнсний ногооны 4 таримлын 10 сортын 5446 кг үр үржүүлсэн. 
  2. Тариалангийн төв бүсэд бөөний сонголтын аргыг хэрэглэн анхдагч үрийн аж ахуйн зохион байгуулалттайгаар шинээр нутагшуулсан  хүрэн манжингийн Одноростковая сортын супер элит үр 14 кг, элит үр 8 кг, шар луувангийн Шантенэ Роял сортын супер элит үр  22 кг, элит үр 8 кг, болон шар  манжингийн Хараа 5 сортын супер элит үр 28 кг, элит үр 12 кг үр гарган авч, үрийн нөөцийг бүрдүүлсэн.  
  3. Шар лууван, эртийн байцааны үр үржүүлэх  технологид  тариалах сорт, үрийг  тарилтанд бэлтгэх, үрслэг бойжуулах арга ажиллагаа, хөрс элдэншүүлэлт, сэлгээ, бордох, тариалах хугацаа, тэжээлийн талбай, услах, арчлах, өвчин хортон ба  хог ургамалтай тэмцэх агротехникийн арга ажиллагаа, ургац хураах, сортын эх ургамал сонгох, арчилгаа хийх,  үр хураан авах талаар дэлгэрэнгүй тусгаж, технологийн үйлдлүүдээр зураглал гаргаж, календарь хэлбэрт оруулан  өнгөт зөвлөмжийг  шинэчлэн боловсруулсан.
  4. Төслийн хугацаанд Шар луувангийн Шантенэ Роял, хүрэн манжингийн Одноростковая,  бөөрөнхий цагаан байцааны эртийн болцтой байцааны Июньская 3200, дунд оройн болцтой Белорусская 455  зэрэг 3 таримлын 4 сортыг ХХААХҮЯ ны Улсын сорт сорилтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Монгол оронд “Нутагшсан сорт”-оор батлуулж, нутагшсан сортын батламжийг тус тус хүлээн авсан.
  5. Төслийн үр дүнгээр  шинээр нутагшуулсан “Шар луувангийн Шантенэ Роял сортыг тариалах арга” боловсруулан Ашигтай загварын гэрчилгээ авсан ба  үрийн чанарын талаар явуулсан  судалгааны үр дүнгээр магистрын нэгэн сэдэвт бүтээл туурвисан байна (С.Энхцэцэг-2017 он).
  6. Шинээр нутагшсан сортуудын талаар танилцуулга болон үрийн тариалангийн хянан баталгааны чиглэлээр  аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл бүхий Увс аймгийн хүнсний ногооны үр үржүүлэгч 1 байгууллага, 34 иргэний шар лууван, шар манжин, хүрэн манжин зэрэг таримлуудын эх ургамал ба үрийн талбайд сортын хээрийн хянан баталгааг УМХГ-аас баталсан зааврын дагуу хийхийн зэрэгцээ эх ургамал болон үрийн ургамлын сонголт хийхэд зөвлөгөө өгөх ажлыг 3 удаа зохион байгуулсан байна.

 

          

     

 

     

 

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.