Инновацийн грант

Инновацийн судалгааны төсөл гэдэг нь улс орны эдийн засаг, хөгжилд түлхэц өгөхүйц бүтээгдэхүүнийг шинээр бүтээх болон шинэчлэх, одоо ашиглагдаж буй технологийн горимыг сайжруулахад чиглэгдэн хийгдэх инновацийн үйл ажиллагааний төслийг хэлнэ.

  • Засгийн газрын 2018 оны 99 дүгээр
    тогтоолын хавсралт

     

    ИННОВАЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОГЧИД
    ГРАНТ ОЛГОХ ЖУРАМ

    Холбоос: https://www.legalinfo.mn/annex/details/8760?lawid=13743

    Нэг. Нийтлэг үндэслэл

    1.1. Энэхүү журмаар инновацийн төсөл шалгаруулах, грант олгох, хэрэгжилтэд нь хяналт тавих, үр дүнг тооцох үйл ажиллагааг зохицуулна.

    1.2. Инновацийн төсөл (цаашид “Төсөл” гэх) гэдэгт Инновацийн тухай хуулийн 3.1.6-д заасан баримт бичгийг ойлгох бөгөөд уг төсөл нь мөн хуулийн 4.1.2-т заасан зарчимд нийцсэн байна.

    Хоёр. Төсөлд тавигдах шаардлага

    2.1. Төсөл нь Инновацийн тухай хуулийн 14.1-д зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

    2.1.1. зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник, эдийн засгийн үзүүлэлтээр илүү байх;

    2.1.2. төслийг хэрэгжүүлэх маркетингийн болон бизнес төлөвлөгөөг боловсруулсан, зах зээлийн эрэлт хэрэгцээг судалгаанд суурилан тодорхойлсон, өрсөлдөгч бүтээгдэхүүнээс ялгарах давуу тал (техник, технологи, үнэ, өртөг, нэмүү өртөг шингээсэн байдал зэрэг)-уудыг бүрэн нотлон илэрхийлсэн байх;

    2.1.3. бүтээгдэхүүн, үйлчилгээний анхдагч загварыг гаргаж, технологийн туршилт, зүгшрүүлэлт хийсэн байх.

    2.2. Төсөл хэрэгжүүлэгч нь дараах шаардлагыг хангасан байна:

    2.2.1. гэрээнд заасан хугацаанд инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд гаргах боломжтойг нотолсон байх;

    2.2.2. төслийг амжилттай хэрэгжүүлэх хүний нөөц, санхүүгийн чадавхитай байх;

    2.2.3. аливаа хэлбэрийн санхүү, хөрөнгийн өр төлбөргүй байх;

    2.2.4. нэг төсөлд олгох грантын хэмжээ нь тухайн төслийн нийт санхүүжилтийн 40 хувиас ихгүй, 60.0 сая төгрөгөөс хэтрэхгүй байх бөгөөд үлдсэн хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгч нь бусад эх үүсвэр (өөрийн, банк, хөрөнгө оруулалтын сан, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид зэрэг)-ээс бүрдүүлсэн байх.

    2.3. Грантыг дор дурдсан үйл ажиллагаанд зарцуулна:

    2.3.1. инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд үйлдвэрлэн нэвтрүүлэхэд шаардагдах үндсэн тоног төхөөрөмж, сэлбэг, багаж хэрэгсэл худалдан авах, тээвэрлэх, суурилуулах;

    2.3.2. түүхий эд, материал, урвалж бодис, программ хангамж зэргийг худалдаж авах, тээвэрлэх, суурилуулах.

    2.4. Грантыг төслийн судалгаа боловсруулалтын ажил гүйцэтгэх, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад зарцуулахгүй.

    2.5. Өмнө нь грант олгож байсан төсөлд дахин грант олгохгүй.

    Гурав. Төсөл шалгаруулах

    3.1. Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсөлд грант олгох нөхцөл, шаардлагыг тухайн оны 2 дугаар сард багтаан олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлана.

    3.2. Төсөл хэрэгжүүлэхээр хүсэлт гаргагч этгээд нь энэхүү журмын            2.1, 2.2-т заасан нөхцөл, шаардлагын дагуу боловсруулсан төслийг өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлнэ.

    3.3. Энэхүү журамд заасан нөхцөл, шаардлагыг хангасан төслийг шалгаруулалтад оролцуулна.

    3.4. Грантад нэр дэвшүүлсэн төсөлд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах мэргэжлийн шинжээчдийг өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар томилно.

    3.5. Шинжээч нь төсөлд үнэлгээ өгч, дүгнэлт гаргахдаа энэхүү журам болон өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан “Инновацийн бүтээгдэхүүний талаар дүгнэлт гаргах, мэргэжлийн шинжээчийг ажиллуулах журам”, “Шинжлэх ухаан, технологийн төслийн саналд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах аргачлал”-ыг тус тус удирдлага болгоно.

    3.6. Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн төсөлд грант олгох тухай шийдвэрийг гаргана.

    Дөрөв. Гэрээ байгуулах, санхүүжилт олгох

    4.1. Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төсөл хэрэгжүүлэгч, Шинжлэх ухаан, технологийн сан (цаашид “Талууд” гэх) энэхүү журмын 3.6-д заасан шийдвэр гарснаас хойш 25 хоногийн дотор батлагдсан загварын дагуу гэрээ (цаашид “Гэрээ” гэх) байгуулна.

    4.2. Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэр гараагүй тохиолдолд төсөл хэрэгжүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ өөр этгээдэд шилжүүлж болохгүй.
    4.3. Грантын санхүүжилтийг Шинжлэх ухаан, технологийн сангаас нэг удаа бүрэн хэмжээгээр олгоно.

    Тав. Төслийн хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг тооцох

    5.1. Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, шинжлэх ухаан, технологийн сан (цаашид “Сан” гэх) төслийн хэрэгжилтэд хяналт тавина.

    5.2. Төсөл хэрэгжүүлэгч нь төслийн хэрэгжилтийн явц болон санхүүжилтийн тайланг жил бүрийн 2 дугаар сард багтаан өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Санд хүргүүлнэ.

    5.3. Төсөл хэрэгжүүлэгч гэрээний хугацаа дууссанаас хойш 2 сарын дотор төслийн гүйцэтгэлийн нэгдсэн тайланг өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Санд хүлээлгэж өгнө.

    5.4. Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шинжлэх ухаан, технологийн бодлогын асуудал хариуцсан нэгж, Сантай хамтран төслийн үр дүн, гэрээний биелэлтэд үнэлгээ хийж дүгнэлт гаргана.

    5.5. Төслийн үр дүнг дараах үзүүлэлтээр үнэлнэ:

    5.5.1. гэрээнд заасан хугацаанд зах зээлд шинээр нэвтрүүлсэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бүртгүүлсэн, бий болгосон, арилжсан, төлбөр, тооцоо гүйцэтгэсэн, хадгалсантай холбогдсон үзүүлэлтийн тоо, хэмжээ;

    5.5.2. татварын байгууллагаар баталгаажуулсан хэрэгжүүлэгч байгууллагын төсөл хэрэгжүүлсэн хугацаанд олсон орлого, гаргасан зардал, түүний хэмнэлт, ашиг, борлуулалт, үйлдвэрлэл, экспортод гарсан  бүтээгдэхүүний хэмжээ зэрэг эдийн засгийн үзүүлэлт;

    5.5.3. зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, үйлчилгээнээс шинжлэх ухааны багтаамж, өрсөлдөх чадвараар илүү болохыг нотолсон техник, эдийн засгийн үзүүлэлт;

    5.5.4. нэмүү өртөг бий болгосон байдал.

    5.6. Төслийн гүйцэтгэлийн явц нь санхүүжүүлэгчээс үл хамааран удаашрах, төсөл хэрэгжүүлэгч энэхүү журмын 2.3, 5.2-т заасныг тус тус хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон, гэрээнд заасан үр дүнд хүрээгүй тохиолдолд өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэрээг хугацаанаас өмнө цуцална.

    5.7. Энэхүү журмын 5.3-т заасныг хэрэгжүүлээгүй, 5.6-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд төсөл хэрэгжүүлэгч грантын шалгаруулалтад дахин оролцох эрхийг 3 жилийн хугацаагаар түдгэлзүүлж, санхүүжүүлсэн хөрөнгийг нөхөн төлүүлэх арга хэмжээг өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хяналт, шинжилгээ хариуцсан нэгж, Сантай хамтран хэрэгжүүлнэ.

    Зургаа. Бусад

    6.1. Төслийн сонгон шалгаруулалтын үр дүнгээс үл хамааран гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх тохиолдолд грант олгогч хариуцлага хүлээхгүй.

    6.2. Энэхүү журмын 5.7-д зааснаас бусад төсөл хэрэгжүүлэхтэй холбогдох аливаа зөрчил маргааныг Талууд үл маргах замаар шийдвэрлэх бөгөөд тохиролцож чадаагүй тохиолдолд шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ.

  • Empty tab. Edit page to add content here.
  • Empty tab. Edit page to add content here.
Хуваалцах