Боловсрол, соёл, шинжлэх ухааны
сайдын 2016 оны 07 дугаар сарын 08-ны
өдрийн А/319 дүгээр тушаалын хавсралт

 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСЛИЙН ТӨСӨВТ

ӨРТӨГ, ЗАРДЛЫГ ТОДОРХОЙЛОХ, ТҮҮНИЙ ЗАРЦУУЛАЛТАД

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

  • Энэ журмаар шинжлэх ухаан, технологийн төслийн төсөвт өртөг, зардлыг тодорхойлох, хянах, төслийн санхүүжилтийн хэмжээг тогтоох, түүний зарцуулалтад хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
  • Шинжлэх ухаан, технологийн төсөл дэвшүүлэгчийн тодорхойлсон өртөг, зардлын тооцоо нь тухайн төслийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд төслийн санхүүжилтийн хэмжээг тогтоох үндэслэл болно.
  • Журамд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
    • “шинжлэх ухаан, технологийн төсөл” /цаашид “төсөл” гэх/ гэж Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 3.1.8-д заасныг;
    • “төсөл дэвшүүлэгч” гэж төсөл хэрэгжүүлэх зорилгоор төслийн баримт бичгийг санаачлан боловсруулж, шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад ирүүлсэн иргэн, хуулийн этгээдийг;
    • “төслийн төсөвт өртөг, зардал” гэж тухайн төслийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөсөн зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлснийг;
    • “төслийн санхүүжилт” гэж тухайн төслийг хэрэгжүүлэхээр шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас баталсан мөнгөн хөрөнгийг.
  • Төслийн төсөвт өртөг, зардлыг тодорхойлоход дор дурдсан зарчмыг баримтална:
    • зах зээлийн үнэ ханшид суурилсан байх;
    • үр ашигтай, хэмнэлттэй байх;
    • төслөөр хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь төсөл хэрэгжүүлэх журмаар зөвшөөрөгдсөн зардлын бүрдэлд нийцсэн байх;
    • төслийг хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц байх;
    • холбогдох хууль, эрх зүйн баримт бичигт нийцүүлэн боловсруулсан байх.

Хоёр. Төслийн төсөвт өртөг, зардлыг тодорхойлох

2.1.     Төсөл дэвшүүлэгч нь тухайн төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын зүйлийг тодорхойлохдоо Засгийн газраас баталсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам” /цаашид “төсөл хэрэгжүүлэх журам” гэх/-ын 6.3-д заасныг баримтална.

2.2. Төслийн төсөвт өртөг, зардлыг тодорхойлохдоо дор дурдсаныг үндэслэнэ. Үүнд:

2.2.1. төсөл хэрэгжүүлэх журмын 6.3.1-д заасан зардлын өртгийг тодорхойлоход Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид заасан албан татвар, хураамж, Засгийн газраас тогтоосон цалин хөлсний сүлжээг,

2.2.2. төсөл хэрэгжүүлэх журмын 6.3.4-д заасан зардлын өртгийг тодорхойлоход эрх бүхий этгээдээс тогтоосон дотоод, гадаад томилолтын зардлын хэмжээг,

2.2.3. төсөл хэрэгжүүлэх журмын 6.3.2, 6.3.5-д заасан бараа, ажил, үйлчилгээг хууль тогтоомжид заасны дагуу худалдан авахад шаардагдах зардлын өртгийг тодорхойлоход зах зээлийн тухайн үеийн валютын ханшийг,

2.2.4. дээр дурдсанаас бусад зардлын өртгийг тодорхойлоход Монгол Улс болон олон улсад мөрдөгдөж буй үйлчилгээний үнэ, хөлс, төлбөр, тарифыг.

2.3. Төсөлд оролцогчдын цалингийн зардалд үндсэн болон гэрээт ажилтны цалин, хөлсийг оруулж тооцно. Төсөлд оролцогчдын 30-аас дээшгүй хувийг гэрээт ажилчдаар бүрдүүлж болно.

2.4. Улсын төсөвт эрдэм шинжилгээний байгууллагын ажиллагсдад төслөөс цалинг давхардуулан олгохгүй. Төсөлд оролцогчид нэг төслөөс олгож болох нэмэгдэл хөлсний хэмжээ нь эрдэм шинжилгээний ажилтны тухайн үеийн үндсэн цалингийн 20 хувиас хэтрэхгүй байна.

2.5. Төслийн санхүүжилтэд зарим зардлуудын эзлэх дээд хязгаар:

Зардлын ангилал Төслийн төрөл
Захиалгат төсөл, % Суурь судалгааны төсөл, % Цөм технологийн төсөл, % Инновацийн төсөл, % Гадаадтай хамтарсан төсөл, %
1. Төслийн гэрээт ажилтны хөлс, НДШ, ХАОАТ 25 10 25 25 30
2. Гадны байгууллагаар хийж гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний төлбөр 10 5 10 15 5
3. Гадаад, дотоод томилолтын зардал 10 10 15 10 20
4. Тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ 10 5 10 15 10
5. Их сургуулийн лаборатори, судалгаа-туршилтын бааз, багаж, тоног төхөөрөмжийг ашигласны шимтгэл 5 5 5 5

 

2.6. Их сургуулийн лаборатори, судалгаа-туршилтын бааз, багаж, тоног төхөөрөмжийг ашигласны шимтгэлийг энэ журмын 2.5-д заасан хувиар төслийн нийт зардалд нэмж тооцно.

2.7. Монгол Улсын эрдэм шинжилгээний байгууллага, лабораторид хийгдэх боломжтой судалгаа шинжилгээний ажлыг гадаадын лаборатори, судалгааны байгууллагаар хийлгэхээр төлөвлөсөн зардлыг тухайн төслийн санхүүжилтээс хасаж тооцно.

Гурав. Төслийн төсөвт өртөг, зардлыг хянах, баталгаажуулах

               3.1.  Шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь төсөл хэрэгжүүлэх журмын 4.4-д заасан шинжээчийн бүрэлдэхүүнд санхүүгийн шинжээч томилж, дүгнэлт гаргуулна. Санхүүгийн шинжээч дүгнэлт гаргахдаа дор дурдсан шалгуурыг баримтална:

3.1.1. төслийн өртөг, зардал нь төсөл хэрэгжүүлэх журмын 6.3-д заасан зардлын бүрдэлд хамаарч буй эсэх,

3.1.2. төслийн өртөг, зардлыг энэ журамд нийцүүлэн үнэн зөв, бодитойгоор тооцоолсон эсэх,

3.1.3. төслийн өртөг, зардал нь төслөөс гарах үр дүнтэй уялдаж буй эсэх.

3.2. Шинжээч тухайн төслийн төсөвт өртөг, зардлын тооцоог судалгаа, үндэслэл муутай, бүрэн гүйцэд нарийвчлан боловсруулагдаагүй, үр дүнгийн даалгавартайгаа уялдаагүй гэж үзвэл төслийг хэрэгжүүлэхээс татгалзаж болно.

3.3. Шинжлэх ухааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага  энэ журмын 3.1-д заасан шинжээчийн үнэлгээ, дүгнэлтийг нэгтгэн, шинжлэх ухаан, технологийн Салбар зөвлөлийн хуралд танилцуулна.

3.4. Шинжлэх ухааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага  төсөл хэрэгжүүлэх журмын 4.9-д заасны дагуу боловсруулсан саналыг үндэслэн тухайн төслийн санхүүжилтийн хэмжээг тогтоож, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталгаажуулна.

Дөрөв. Төслийн санхүүжилтийн зарцуулалтад санхүүгийн хяналт тавих, хариуцлага тооцох

4.1.  Төслийн санхүүжилтийн зарцуулалт, үр дүнгийн хэрэгжилтийн явц, гүйцэтгэлд санхүүжүүлэгч болон захиалагч байгууллага хамтын хяналт тавина.

4.2. Гүйцэтгэгч төслийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн даалгаврын биелэлт, санхүүжилтийн зарцуулалтын талаарх мэдээллийг гаргаж, хагас жил тутам Шинжлэх ухаан, технологийн сан /цаашид “Сан” гэх/ болон захиалагчид ирүүлнэ.

4.3. Сан дараах чиглэлээр хяналт тавина:

4.3.1. санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулж байгаа байдал,

4.3.2. санхүүгийн баримт бичгийн бүрдүүлэлт, тайлагнал,

4.3.3. төслийн хүрээнд өр төлбөр үүссэн эсэх, учир шалтгаан,

4.3.4. эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилтийн хувьд эргэн төлөлтийн байдал.

4.4. Захиалагч төслийн үр дүнгийн хэрэгжилтийн явц, гүйцэтгэлд хяналт тавьж, төслийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх эсэх талаарх саналаа Санд хагас жил тутам ирүүлнэ. Захиалагчийн саналыг үндэслэн Сан төслийн санхүүжилтийг олгоно.

4.5. Захиалагч төслийн санхүүжилтийг зогсоох санал ирүүлсэн бол санхүүжилтийг түр зогсоож, төслийн үйл ажиллагаанд шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, Сан болон захиалагч хамтарсан шалгалт хийнэ.

4.6. Гүйцэтгэгч төслийн санхүүжилтийг зориулалтын бус зүйлд зарцуулсан, шалгалтын явцад илэрсэн зөрчил нь тодруулах шаардлагатай, гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.

4.7. Журмын 4.6-д зааснаас бусад тохиолдолд Сан төслийн гүйцэтгэгч, удирдагчтай харилцан зөвшилцөх замаар зөрчлийг арилгуулж, хохирлыг барагдуулах арга хэмжээг авсны дараа санхүүжилтийг олгоно.

4.8. Энэ журмын 4.2-д заасны дагуу мэдээллээ цаг тухайд нь ирүүлээгүй гүйцэтгэгчид  Сангаас санхүүжилт олгохгүй.

4.9. Захиалагч, гүйцэтгэгч талууд энэ журмын 4.2, 4.4 дэх заалтыг удаа дараа зөрчсөнөөс үүдэн гарах санхүүгийн аливаа хүндрэлтэй асуудлыг Сан хариуцахгүй.

4.10. Төслийн хэрэгжилтийн явц санхүүжилтийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас удаашрах, хойшлогдох нөхцөл байдал үүссэн тохиолдолд төсөл хэрэгжүүлэх хугацааг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр сунгаж болно.

4.11.   Төсөл санхүүжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам, Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээний хүрээнд зохицуулна.

—оОо—

Хуваалцах