Захирлын мэндчилгээ
Д.Одгэрэл

Шинжлэх ухаан, технологийн сан нь төрөөс шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт авч хэрэгжүүлж байгаа бодлогын хэрэгжилтийг хангахад манлайлан оролцох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөтгөн, салбарын төсвийн төлөвлөлт, зарцуулалтыг оновчтой болгох, үр дүнд суурилсан зарчмаар санхүүжүүлэх, салбарын хэмжээнд цахим шилжилтийг эрчимжүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 

Шинжлэх ухаан, технологийн сангийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулах ажлыг эрчимжүүлж, төр, хувийн хэвшил, эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэн, нийгэм, эдийн засгийн  өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн салбар дамнасан судалгааны ажлуудыг гүйцэтгэх хэрэгцээ, шаардлага ихээхэн байна. 

Судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүнг чанаржуулах, төрөл, хэлбэрийг оновчтой болгох, төслийн санал хүлээн авах, өрсөлдөөнт зарчимд үндэслэн сонгон шалгаруулах үйл явцыг сайжруулах, ил тод болгох, үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхэд онцгойлон анхаарах болно. 

Шинжлэх ухаан, инновацийн тогтолцоо, оюуны үйлдвэрлэлийг хөгжүүлж, салбарын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэхэд эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн хамтын хүч, хичээл зүтгэл, идэвх, оролцоо хамгаас чухал.  

Монгол Улсын нийгмийн хөгжил, үндэсний чадамж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх шинжлэх ухааны оролцоог хангаж, үр өгөөжийг дээшлүүлэх үйл хэрэгт эрдэмтэн, судлаач Та бүхнийг Шинжлэх ухаан, технологийн сантай хамтран өөрсдийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.  

Улсын хөгжил шинжлэх ухаанаас эхтэй. 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САНГИЙН ЗАХИРАЛ 

ДОКТОР (Ph.D) Д.ОДГЭРЭЛ 

Хуваалцах